Дэлхийн Банкны "Хууль эрх зүйн салбарын үйлчилгээг сайжруулах" төслийн гарын авлага

2009 оноос Дэлхийн Банкны санхүүжилтээр хэрэгжиж эхэлсэн "Хууль эрх зүйн салбарын үйлчилгээг сайжруулах"төсөл нь 2002-2008 онуудад тус банкны хэрэгжүүлсэн "Шүүх, эрх зүйн шинэчлэлт" төслийн үргэлжлэл бөгөөд өмнөх төслийн хүрээнд эрх зүйн чиглэлээр 31 жишиг хөтөлбөр, 14 гарын авлага боловсруулагдаж, бэлэн болсон билээ.
Эдгээр хөтөлбөр, гарын авлага нь хичээлийн доод стандартыг агуулсан ба гарын авлагууд нь хөтөлбөрт тусгасан цөөн цагийн агуулгыг нэг хичээлд 3 нүүр ноогдох байдлаар тооцож, бэлтгэгдсэн байдаг.

МУИС-ийн эрх зүйч бэлтгэх сургалт 5 жил, хичээлийн цаг бусад сургуулийнхтай харьцуулахад хамаагүй олон байдаг тул нэг хичээлд ноогдох цаг нь их, агуулга нь өргөн хүрээтэй болдог. Тиймээс эхэндээ бид иргэний эрх зүй, гэрээний эрх зүй, бизнесийн эрх зүй зэрэг ДБ-иас гаргасан хөтөлбөрүүдийг уншихаас хэтрэхгүй байсан бол сүүлийн үед бэлтгэгдээд байгаа гарын авлагууд илүү өргөн хүрээтэй, гүнзгий агуулгатай болж байгааг дурьдмаар байна.

Тухайлбал "Үнэт цаасны зах зээлийн эрх зүйн үндэс" гарын авлагыг авч үзвэл үнэт цаасны зах зээлийн үйл ажиллагаа, арилжаа, санхүүгийн зах зээл зэрэг практикт өндөр ач холбогдол бүхий сэдвүүдийг хамарсан нь өнөөдөр хөтөлбөрөө эргэн харж шинэчлэх явцад ажиглагдлаа.Үүнд үнэт цаасны зах зээлд ажиллаж, ихээхэн туршлага хуримтлуулсан Жамбаажамц, шинээр батлагдаж буй үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомж дээр ажилласан Оюунтунгалаг нарын хувь нэмэр их байсан бол Цэвэгмид багшийн туршлага эдгээрийг зөв зүйтэй тусгахад ихээхэн дэм болж байв. Одоо харахад уг гарын авлага нимгэн ч үнэт цаасны тухай ярвигтай ойлголтоос гадна зах зээлийн оролцогсод, маргааны цөмийн тусгасан нь нилээд гүнзгий агуулга бүхий сурах бичиг болжээ гэж үзэхээр байна.

Миний хувьд МУИС-ийн үнэт цаасны эрх зүйн сонгон хичээлийн хөтөлбөрийг бэлтгэж, өмнө нь гаргасан жижиг хэмжээний сурах бичгийн ачаар нилээд материал цуглуулсан хэдий ч Дэлхийн банкны гарын авлага шиг зах зээлийн оролцогсод, үүсмэл санхүүгийн хэрэгсэл, дотоод мэдээлэл урвуулан ашиглах зэрэг эдийн засаг талын мэдээлэл цуглуулах гэж удах байсан буй заа. Харин дээрх гарын авлага хичээлийн маш сонирхолтой материал агуулж буй нь оюутан,багш нарт ихээхэн хэрэгтэй болох нь харагдлаа.

Дээрхээс гадна уг төслийн хүрээнд "Эдийн засгийн захиргааны эрх зүй", "Хэрэглээний аргачлал", "Эдийн болон эдийн бус баялгийн эрх зүй" гээд манай багш нарын бэлтгэсэн сонирхолтой гарын авлагууд гарсныг тэмдэглэх хэрэгтэй. Миний зүгээс мөн гар бие оролцсон "иргэний эрх зүй" хичээлийн гарын авлага ч бий. Энэ мэтчилэн олон хөтөлбөр гарын авлага бэлтгэхэд судлаачдыг нэгтгэн оролцуулдаг Дэлхийн банкинд талархах нь зүйтэй болов уу...


Comments

Popular posts from this blog

ХБНГУ-ЫН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦОО

Иргэний Хуулийг шинэтгэх үү?

Багшийн ажил ба цалин