ХБНГУ-ЫН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦОО




Монгол Улс 1990-ээд оноос эхлэн эрх зүйн шинэтгэлийг амжилттай хэрэгжүүлж, барууны ялангуяа Ром-Германы эрх зүйн тогтолцоо бүхий нилээд олон хууль тогтоомжийг батлаад байгаа бөгөөд энэ ажилд хуучнаар Германы Техникийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GTZ) зэрэг ХБНГУ-ын санхүүжилттэй байгууллагууд ихээхэн хувь нэмэр оруулсан билээ. Энэ утгаараа ХБНГУ-ын эрх зүйн боловсролын тогтолцоог судлах, дотоодын боловсролын тогтолцоотой харьцуулах асуудал ихээхэн ач холбогдолтой болоод байна. Харин эрх зүйн шинэтгэлийн үйл явцыг эрчимжүүлэх, сургалт судалгааны ажлыг хийж гүйцэтгэх, хуульчдын боловсролыг дээшлүүлэх, мэргэжлийн шалгалт авах зэрэг ажлыг 10 жилийн ойгоо тэмдэглэж буй Хууль Зүйн Үндэсний Хүрээлэн голлон эрхэлж байсан бөгөөд ХБНГУ-ын сургалтын тогтолцоог судлах явдал тус институтын үйл ажиллагаанд эергээр нөлөөлөх бололцоотой юм.
1877 оноос эхлэн Герман улсад хуучны Пруссын засгийн газраас авч хэрэгжүүлж байсан нэгдмэл сургалтын тогтолцоо нь шүүгч, өмгөөлөгч, прокурор болон бусад бүхий л хуулийн мэргэшлийн үндэс болсоор иржээ. Энэхүү сургалт нь улсын шалгалтаар төгсдөг их сургуулийн сургалт болон сүүлийн жилүүдэд дөрвөн жилээс хоёр жил болгон богиносгоод байгаа хуульчдыг бэлтгэх албаны практик сургалтаас бүрддэг. Хуульчдыг бэлтгэх алба хашсан этгээд нь хоёрдугаар улсын шалгалтанд хамрагдаж, мэргэшсэн хуульч болдог. Энэхүү сургалтын гол давуу тал нь оюутанд шинжлэх ухааны гүнзгий мэдлэг хавьгүй эрхчимтэй олгодог, оюутан байх үеэс нь эрх зүйн хүнд маргааныг шийдвэрлэхэд сургадаг, эрх зүйн хоёр шалгалт нь оюутны чадварыг үнэлэх оновчтой шалгуур болдогт оршино[1].
1970 оны үеэр хуульч бэлтгэх сургалтыг нэг үе шаттай болгох оролдлого хийгдсэн боловч энэ нь төдийлөн амжилтанд хүрээгүй. Харин сургалтыг орчин үеийн чиг хандлагад нийцүүлэх гэсэн хэд хэдэн шинэтгэл хийгдсэн. 2002 онд хийсэн шинэтгэлийн хүрээнд сонгон суралцах хичээлээр авдаг байсан их сургуулийн шалгалтыг Хуульчийн Нэгдүгээр Улсын шалгалтын нэг хэсэг болгож өөрчилсөн. Түүнчлэн нийт сургалтыг олон улсын эрх зүйн холбогдол бүхий хөтөлбөрөөр баяжуулж, өмгөөлөл төвтэй хичээлүүдийг нэмсэн.
Гэхдээ эдгээр шинэчлэлийн аль нь ч сүүлийн үед гарч ирээд буй Болонъягийн тогтолцоог нэтрүүлэх оролдлоготой дүүцэхүйц байгаагүй. Тиймээс энэхүү илтгэлийн хүрээнд ХБНГУ-д Болонъягийн тогтолцоонд шилжих асуудлаар их сургуулийн болон мэргэшлийн байгууллагуудын зүгээс гарч буй санал шүүмжийг тусгахыг зорилоо. Эцэст нь хуульчдыг бэлтгэх боловсролын хуучин тогтолцооны онцлогийг бакалавр-магистрын зэрэг олгох сургалтанд хадгалж үлдэх боломж бий эсэхийг авч үзлээ. Ингэснээр ХБНГУ дахь хамгийн сүүлчийн эрх зүйн боловсролыг шинэчлэх загварыг толилуулах, мөн Болонъягийн тогтолцоог хуульчийн сонгодог мэргэжил олгох сургалтанд нэвтрүүлсний ач холбогдлыг авч үзэх боломж нээгдэнэ. Улмаар тус улсад тавигдаад эрх зүйн боловсролоо шинэтгэх шаардлага, уламжлалт тогтолцоо зэргийг Монгол Улс дахь эрх зүйн боловсролын онцлогтой харьцуулах юм. 

II. Европын Холбооны улсууд дахь Болонъягийн тогтолцоо: 

1999 оны 6 сарын 19-ний өдөр Европын Холбооны боловсролын асуудал эрхэлсэн сайд Болонъя хотноо их сургуулийн тогтолцоог шинэчлэх тухай нэгэн гайхмаар мэдэгдэл хийсэн байна. Үүний өмнө 1997 онд Европын Зөвлөл  болон UNESCO-ийн төлөөлөгчид Европ дахь боловсролын сургалтыг харилцан хүлээн зөвшөөрүүлэх тухай Лиссабоны хэлэлцээрийг баталсан. Тус хэлэлцээрийг ХБНГУ-ын парламент 2007 оны 5 сарын 16-ны өдөр соёрхон баталжээ. Хэлэлцээрт гарын үсэг зуралцсан газар зүйн байршлын нэрээр нэрлэгдсэн Болонъягийн мэдэгдэл нь улс төр, шинжлэх ухааны амьдралын дийлэнх хэсэгт илүү нэгдмэл буюу оюуны болон соёлын, мөн нийгэм эдийн засгийн хувьд ижил төстэй чиг хандлагад суурилсан Европыг байгуулах хүсэл тэмүүллээс үүссэн байлаа. Тиймээс 2010 он гэхэд Европд дараах зорилго бүхий нэгдмэл их сургуулийн тогтолцоо буй болох ёстой хэмээжээ. Үүнд:
-          Европ дахь их сургуулийн боловсролын зэргийг өөр хооронд нь ойлгомжтой, адил төстэй болгох;
-          Эхний төгсөлтийг хамарсан нэг үе шат болон төгсөлтийн дараа санал болгогддог хоёр дахь үе шатаас бүрдэх тогтолцоог бий болгох. Эхний үе шат нь дор хаяж 3 жил үргэлжлэх ба үүнийг давах нь хоёр дахь үе шатанд хамрагдах урьдчилсан нөхцөл болох юм. Нэгдүгээр үе шатанд оюутан Европын хөдөлмөрийн зах зээлд шаардагдах мэргэшлийн түвшинд хүрэх  ёстой ба дараачийн үе шат нь магистр, докторын зэрэг олгоход чиглэнэ;
-          Европын дотор шилжүүлэг хөдөлгөөн хийх боломжийг нээлттэй болгох;
-          Боловсролын тогтолцоог чанаржуулахад хамтран ажиллах явдлыг дэмжих, адил төстэй чанар бүхий хөтөлбөр боловсруулах, мөн их сургуулиудын хамтын ажиллагааг хөгжүүлэх;
Өнөөдөр Болонъягийн хөдөлгөөнд Европын холбооны гишүүн орнуудаас гадна бусад орнууд нэгдэж, нийт 46 улс болсны дотор ОХУ хамрагдаад байна.

III. Болонъягийн тогтолцоог ХБНГУ-д хэрэгжүүлэх асуудал:

Болонъягийн болон түүний араас гарсан мэдэгдлүүд нь нээлттэй зохион байгууллалтын хүрээнд хийгдэж байсан шалтгаанаар заавал мөрдөх шинжийг агуулаагүй бөгөөд холбогдох шинэтгэл нь хүлээгдсээр байна. Өнөөгийн байдлаар ХБНГУ-д их, дээд сургуулийн нийт 7606 бакалаврын болон магистрын сургалт санал болгогдож байна. Энэ нь нийт төгсөлтийн 67 хувийг эзлэх ба нийт 257 эрх зүйн сургалтын 193 нь бакалавр, магистрын зэрэг олгох хэлбэрт шилжсэн. Ийнхүү эрх зүйн боловсролын сургалт санал болгогсдын 75 хувь нь Болонъягийн тогтолцоог хэрэгжүүлж эхлээд байгаа гэсэн дүн мэдээ гарсан ч эдгээрийн 128 нь буюу дийлэнх нь магистрын сургалтаас бүрдэж байна. Эрх зүйн бакалаврын зэрэг олгож буй тохиолдол нь ихэвчлэн өөр мэргэжлийн сургалттай хоршсон төгсөлттэй байна. Тухайлбал эдийн засагч-эрх зүйч бэлтгэх эсвэл гадаадын эрх зүйн хосолмол сургалт зэрэг. Харин мэргэшсэн хуульч бэлтгэх үндсэн сургалтыг шинэчлэх нэгдсэн концепц өнөөг хүртэл бүрдээгүй аж.
Ялангуяа улсын шалгалтаар төгсдөг эрх зүйн сургалтын хүрээнд Болонъягийн тогтолцоог нэвтрүүлэхийн эсрэг байгаа нь ажиглагддаг. Эрх зүйн боловсрол олгож буй факультетууд Болонъягийн шинэчлэлийг хүлээн авахаас татгалзсаар. 2004 оноос эхлээд их, дээд сургуулийн декануудын уулзалт дээр Болонъягийн шинэтгэл тулгамдсан асуудал болж байсан ба 2006 оноос тэд уг мэдэгдэлд нийцэх төгсөлтийг нэвтрүүлэх асуудлыг судалж эхэлжээ. Гэхдээ энэ хэлбэрийг хуульч бэлтгэх сонгодог боловсролын тогтолцоонд нэвтрүүлэхгүй байхаар тогтсон. Энэ салбарт улсын шалгалт хэвээр байх ба хосолсон мэргэжил олгох нөхцөлд Болонъягийн загварыг ашиглахыг илүүд үзсэн юм. Улмаар 2008 оны 5 сарын 23-ны ээлжит уулзалтаар Болонъягийн саналыг хүлээн авах боломжгүй гэж мэдэгдсэн. Улс төрийн хүрээнд ч гэсэн үүнийг эрх зүйн боловсролын тогтолцоонд нэвтрүүлэхээс татгалзсан байна. Тухайлбал эрх зүйн боловсрол өөрчлөгдөж буй нийгмийн шаардлагад нийцэх нь зүйтэй ч төгсөлтийн хэлбэрийг солих нь чанарын үзүүлэлтэд сөргөөр нөлөөлнө гэж үзжээ. Мөн 2005 онд болсон хууль зүйн сайд нарын уулзалт дээр 2002 оны Эрх зүйн боловсролыг шинэчлэх тухай хуулиар Болонъягийн загварын давуу талыг ХБНГУ-ын хуулийн боловсролд аль хэдийн нэвтрүүлээд байгаа гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл сайд нарын уулзалтаар дотоодын эрх зүйн тогтолцооны онцлог хэвээр байсаар буй өнөөгийн нөхцөлд дээрх хуулийн хэрэгжилтэд үнэлэлт өгөөгүй байж боловсролын тогтолцоог шинэчлэх нь утгагүй гэсэн үзэл баримтлал давамгайлж байжээ. Ингээд Болонъягийн төсөл нь 2008 оны хуулийн хэрэгжилтийн дүн шинжилгээг гартал хойшлогдов.

IV. Bachelor/ Master- загварыг ХБНГУ-ын эрх зүйн боловсролд нэвтрүүлэх тухай

            Болонъягийн шалгуурыг ХБНГУ-д хэрхэн нэвтрүүлэх тухай олон нийтэд хэлцэгдээд буй нилээд хэдэн загваруудыг авч үзье.  Үүнд:
1.      Мюллэр-Пийпэнкотерийн загвар:

2.      Штутгартын загвар:

3.      4 шатлалт загвар:

4.      Хамбургийн загвар:

5.      Шлийманн-Концены үзэл баримтлал:

6.      Манхаймын загвар:

V. Холбооны Өмгөөлөгчдийн Танхимын байр суурь

            Холбооны Өмгөөлөгчдийн Танхим (=ХӨТ) Болонъягийн тогтолцоонд шилжих тухай санал, шүүмжийг идэвхтэй ажиглаж ирсэн бөгөөд 2005 оны 104 дэх чуулганаараа энэ тогтолцоог хэрэгжүүлэх шаардлагагүй хэмээн үзжээ. Гэхдээ энэ нь туйлын шийдвэр биш байсан ба өнөөгийн эрх зүйн боловсролын шаардлагад нийцэхүйц загвар бэлтгэгдэх хүртэл бакалавр-магистрын төгсөлтийг нэвтрүүлэхээс түдгэлзсэн явдал байлаа. ХӨТ нь Болонъягийн тогтолцоог хэрэгжүүлэх дараах хосолмол загварыг олон нийтэд санал болгож байна.
1. Эрх зүйн боловсролыг бакалаврын болон магистрын сургалтаар солих боломжит хувилбарууд:
            ХӨТ-ийн үзэж байгаагаар Болонъягийн тогтолцоонд шилжихэд зайлшгүй авч үлдэх боловсролын уламжлалт ололтуудыг энд тусгалаа.
a.      Улсын шалгалтыг хадгалж үлдэх:
Бакалавр-магистрын төгсөлтийн явцад оюутны амжилттай дүүргэсэн хичээл бүрт кредит үнэлгээ өгөх бөгөөд хангалттай кредит цугларсны дараа сургалтыг бакалаврын болон магистрын ажлаар төгсгөж, их сургуулиас холбогдох зэрэг цолыг шууд олгодог. Энэхүү боловсролын тогтолцооны давуу тал нь сургалтын явцад гаргасан оюутны амжилтыг хүлээн зөвшөөрөх, тооцоход оршино.
Ийнхүү Болонъягийн тогтолцоог эрх зүйн боловсролд нэвтрүүлснээр Герман улсад уламжлал болсон улсын шалгалтыг хасах ёсгүй хэмээн ХӨТ үзсэн. Учир нь хуульчийн мэргэшлийн үйл ажиллагаа эрхэлдэг сургалтанд төр боловсролын чанарыг бүрэн хариуцах ёстой. Төрийн зүгээс Хуульчдыг бэлтгэх албанд элсэн орох шаардлага хангасан оюутныг шигшэн сонгох үүрэгтэй бөгөөд энэ үүргээ их сургуулиудад шилжүүлж болохгүй гэсэн үзэл Германд ноёрхдог. Хэрэв бакалавр-магистрын сургалтын тогтолцоонд шилжвэл төрийн энэхүү чиг үүрэг их сургуулиудад шилжих нь гарцаагүй. Түүнчлэн бакалавр-магистрын төгсөлтийн хүрээнд сургалтыг бүхэлд нь хамарсан, салбар эрх зүйн харилцан уялдаа холбоог толилуулсан нэгдмэл шалгалт авахгүй, харин шалгалтыг тодорхой цаг хугацааны шатлалд хуваах болно. Гэтэл ХБНГУ-ын нэгдсэн улсын шалгалт нь дэлхийн хамгийн өндөр шаардлага бүхий иж бүрэн шалгалт хэмээн тооцогддог. Энэ шалгалт өгсөн оюутнууд Германы эрх зүйн тогтолцоог нийтэд нь ойлгож, салбар эрх зүйн гүнзгий мэдлэгээ хослуулан хэрэглэж чадна гэсэн баталгаа гаргах боломжтой.

b.      Нэгдмэл сургалтын хэлбэрийг уламжлуулах
ХБНГУ-ын эрх зүйн боловсролын гол зорилго нь мэргэшсэн хуульчийн боловсролыг нэгдмэл сургалтаар олгоход оршино[3]. Хэдийгээр зарим судлаачид хууль эрх зүйн чиглэлийн бүх оюутныг нэг сургалтанд хамруулж, Хуульчдыг бэлтгэх албаны сургалтыг тус тусад нь явуулах практик энэ зорилгод нийцнэ гэж үзэж байгаа ч бодит байдал дээр  эрх зүйн сургалтыг нэгдсэн хэлбэрээр санал болгох нь чухал юм. Ингэснээр Хуульчдыг бэлтгэх албанд элсэгчид эрх зүйн практик талыг тал бүрээс нь харах, судлах боломж нээгдэнэ. Тиймээс хөдөлмөрийн зах зээлд гарах хүртэлх хуульчийн бүх сургалт адил байж сая нэгдмэл сургалтаар бэлтгэгдсэн мэргэшсэн хуульчийн тухай ярих бололцоотой.
c.       Өмгөөлөл төвтэй сургалтын хэлбэрийг нэвтрүүлэх нь:
2002 оны эрх зүйн боловсролын шинэтгэл нь их сургуулийн болон Хуульчдыг бэлтгэх албаны сургалтыг өмгөөллийн үйл ажиллагаатай уялдаа холбоотой болгоход чиглэсэн. Ингэснээр ХӨТ-ын олон жилийн байр суурийг боловсролын тогтолцоонд нэвтрүүлэх чухал алхам хийгдсэн бөгөөд энэ өөрчлөлтийг Хуульчдыг бэлтгэх албаны хугацааг богиносгох эсвэл магистрын сургалтыг нэвтрүүлж, түүнтэй практик сургалтын хэлбэрийг хослуулах замаар эрх зүйн сургалтаас хасах ямар ч бололцоогүй болсон.
d.      Бодит алтернативууд:
Аливаа шинэ загварыг боловсролын тогтолцоонд шилжүүлэхийн тулд шинэ тогтолцоо нь сонгодог мэргэшлээр ажиллах хуульчийг бэлтгэх хуучны хувилбарыг бүрэн дүүрэн орлож чадна гэдэгт итгэлтэй байх ёстой. Өнөөгийн ХБНГУ-д хэрэгжиж буй эрх зүйн боловсрол нь шүүгч, прокурор, өмгөөлөгч гэсэн тогтсон мэргэшлийн хуульчийг бэлтгэхэд чиглэж байна.Оюутнуудын идэвх, чармайлт гагцхүү улсын шалгалтын бэлтгэлд чиглэж байгаа бол шүүгч, прокурор, өмгөөлөгч болохгүй оюутнуудын хувьд дээрх хүнд бэрх замыг туулахаас өөр боломж үгүй хэвээр. Мэргэжлийн хүрээнд нэгдүгээр улсын шалгалтыг мэргэшлийн хангалттай нотолгоо гэж хүлээн зөвшөөрөх хандлага төлөвшөөгүй тул хуульчийн сонгодог мэргэжлээр ажиллахад тэнцэхгүй гэдгээ ойлгосон бусад оюутнууд ч хүртэл Хуульчдыг бэлтгэх албанд хамрагдаж, төгсгөлд нь хоёрдугаар улсын шалгалтыг өгдөг.
Гэвч бодит байдал дээр  шүүгч, прокурор, өмгөөлөгч болохоос гадна хуулийн суурь мэдлэг эзэмшиж,  хуульчийн ажиллах арга барилд суралцсан л бол хийж болох маш олон төрлийн ажлын байр байдаг. Эдгээр ажлыг эрхлэхэд Хуульчдыг бэлтгэх албанд хамрагдах ямар ч шаардлагагүй, мөн хоёрдугаар улсын шалгалт өгсөн байх албагүй юм. Тиймээс эдгээр хүмүүст зориулан эрх зүйн суурь боловсролыг түргэн шуурхай олгох, хөдөлмөрийн зах зээлд шаардагдах хосолмол чадварыг эзэмшүүлэх хэрэгцээ гарч байна.Гагцхүү ийм нөхцөлд 3 жилийн хугацаатай эрх зүйн бакалаврын сургалт тохирох бөгөөд үүнтэй эдийн засаг, илтгэх урлаг, гадаад хэлний мэдлэгийг хослуулан олгох боломжтой. Улмаар төгсөгчид нь магистрын болон бусад боловсрол дээшлүүлэх сургалтанд хамрагдах бололцоотой.
Харин хуульчийн сонгодог мэргэшлийн хувьд бакалаврын сургалт зохимжгүйд тооцогдоод байгаа бөгөөд Болонъягийн тогтолцоонд шилжсэн нөхцөлд бакалавр-магистрын сургалт дүүргэсэн оюутныг улсын шалгалтанд хамруулан улмаар Хуульчдыг бэлтгэх албанд элсэхийг зөвшөөрөх нь зүйтэй гэж ХӨТ үзжээ. Ийнхүү магистрын сургалтыг дүүргэсэн оюутныг Хуульчдыг бэлтгэх албанд элсүүлэх нь өмнөхөөс цөөхөн мэргэжилтнийг чанартай бэлтгэх боломж олгоно хэмээн үзсэнийх ажээ.
2. ХӨТ-ийн саналыг дүгнэх нь:
            Эцэст нь ХӨТ Нордрайн-Вэстфаллэн муж улсын хууль зүйн сайд Мюллэр-Пийпэнкотерийн загварыг дэмжиж байгаа бөгөөд бакалаврын 3 жилийн сургалт болон магистрын сургалтанд хамрагдсан оюутныг нэгдүгээр улсын шалгалтанд хамруулан шигшиж, Хуульчдыг бэлтгэх албанд элсүүлэхээр санал болгоод байна. Ийнхүү ХБНГУ нь Болонъягийн тогтолцоонд шилжихэд бэлтгэж байгаа ч уламжлалт тогтолцооны давуу талаа хадгалж үлдэх нь илт байна.
           
VI. Монгол улсын эрх зүйн боловсролын онцлогийг авч үзэх нь:
Өдгөө манай улсад бакалаврын сургалтанд суурилсан 4-5 жилийн хугацаатай эрх зүйн боловсролын тогтолцоо хэрэгжиж байгаа нь гадаадын зарим судлаачдын үзэж байгаагаар 3 жилийн дотор аль болох олон оюутан бэлтгэж гаргах гэсэн Болонъягийн тогтолцоонд нийцэж байна[4]. Сургалтын эцэст зайлшгүй өгдөг улсын шалгалтыг их дээд сургуулиуд өөрсдөө зохион байгуулдаг бөгөөд тэр бүр оюутны эзэмшсэн чадвар, чадамжийг илтгэх шалгуур тавигддаггүй. Энэ гагцхүү өөрсдийн оюутнуудын мэдлэгийг баталгаажуулах, өмнө үзсөнийг ахин нэг давтуулах хөшүүрэг болж байгаа ч нийт орон даяарх төгсөгчдийг шударгаар үнэлэх, харьцуулан дүгнэх хэрэгсэл болж чаддаггүй. 
МУИС-ийн ХЗС-ийн эрх зүйч бэлтгэх сургалтанд  үйлдвэрлэлийн дадлага зэрэг практик сургалтыг нэвтрүүлээд байгаа ч  энэ нь барууны их сургуулиудад танилцах дадлагын хэлбэрээр хэрэгждэг. Харин манай улсад ХБНГУ-ын Хуульчдыг бэлтгэх албатай дүйцэхүйц практик сургалтын хэлбэр хараахан бий болоогүй байна. Энэ нь манай улсад мэргэжлийн хуульч бэлтгэх  тогтолцоо байхгүйг нотолдог[5]. Ийнхүү эрх зүйчээр 2 жил хувиараа ажлын байр хайж олоод ажилсныг эс тооцвол мэргэжлийн хуульч бэлтгэх сургалтанд хамрагдаагүй эрх зүйчид шууд мэргэжлийн хуульчаар ажиллах нь тухайн ажлын байрны шаардлага хангахгүйгээс гадна ингэх нь  хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёсыг эс ойшоосон хэрэг гэж судлаачид үзэж байна[6]. Тиймээс энэ салбарт төр өөрийн хариуцлагыг ухамсарлаж, мэргэжлийн сургалтын асуудлаар ХЗҮХ-ээс авч хэрэгжүүлж буй алхмуудыг нэгдсэн бүтцэд шилжүүлэх арга хэмжээ авах шаардлагатай юм.  




[1] Бернд Шюнеманн, Эрх зүйн дээд боловсрол олгох улсын шалгалт ба Болонъягийн тогтолцоо: Хууль зүйн боловсрол шинжлэх ухааны тулгамдсан асуудал, МУИС-ийн ХЗС-ийн 50 жилийн ойд зориулан гаргасан эмхэтгэл, 2010 он, 102-108 дахь тал (104).
[2] http://www.justiz.nrw.de
[3]Alex Filges, Die gemeinsame Ausbildung von Richtern und Rechtsanwaelten –ein Ausblick auf Bologna in der Festgabe 100 Jahre Deutsche Richterbund: Justiz und Recht im Wandel der Zeit, Koeln Muenchen 2009, S.176.
[4] Бернд Шюнеманн, Эрх зүйн дээд боловсрол олгох улсын шалгалт ба Болонъягийн тогтолцоо: Хууль зүйн боловсрол шинжлэх ухааны тулгамдсан асуудал, МУИС-ийн ХЗС-ийн 50 жилийн ойд зориулан гаргасан эмхэтгэл, 2010 он, 102-108 дахь тал (102).
[5] Н.Лүндэндорж, Эрх зүйн боловсролын хөгжил, шийдвэрлэх асуудал: Хууль зүйн боловсрол шинжлэх ухааны тулгамдсан асуудал, МУИС-ийн ХЗС-ийн 50 жилийн ойд зориулан гаргасан эмхэтгэл, 2010 он, 95-101 дахь тал (100).
[6] Мөн тэнд: 101 дэх тал.

Comments

  1. багшаа сайн байна уу, Таны блог их таалагдаж байна. Блог хөтөлж, мэдлэгээ хуваалцаж байгаад баярлалаа. Хэвээр үргэлжлүүлсээр байна гэж итгэж байна. :)

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Иргэний Хуулийг шинэтгэх үү?

Багшийн ажил ба цалин