Иргэний Хуулийг шинэтгэх үү?



Хувийн эрх зүй дэх тулгамдсан асуудлууд ба хэрэглээний аргачлалыг төлөвшүүлэх асуудал
Аливаа улсын хууль тогтоох байгууллагаас нийгмийн тодорхой харилцааг зохицуулах, нийгэмд үүссэн зайлшгүй тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор хууль тогтоомж батлан улсынхаа нутаг дэвсгэр, хүн амд мөрдүүлдэг. Эдгээр хууль тогтоомж нь нийгэм, эдийн засаг, улс төр, соёлын харилцааг хөгжүүлэх, нийгмийн харилцааг үр нөлөөтэй зохицуулахад чиглэгдэх ёстой. Манай улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжээд даруй 20 орчим жил болсон бөгөөд 1990 оноос хууль тогтоомжоо зах зээлийн эдийн засгийн харилцаанд нийцүүлэн боловсруулах ажил эхэлж, 1992 онд шинэ Үндсэн хууль баталснаар эрх зүйн шинэтгэлийн үйл явц хурдсан ихэнх хуулиа шинэчлэхээс гадна эдийн засаг, нийгэм, соёл, улс төрийн харилцаанд нэн шаардлагатай шинэ хуулиудыг ч батлан гаргасан юм. 

Шинээр батлагдсан хууль тогтоомжууд дотоод дахь нийгэм, соёл, улс төрийн харилцааг зохицуулах хангалттай суурь хөрсийг бүрдүүлсэн гэж үзэхээр байгаа ч  энэ байдлаа ирээдүйд уламжлан үлдээж чадах эсэх, мөн өнгөрсөнд ямар байсан зэргийг байнга шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөн шийдвэрлэж байх явдал эрх зүйн хөгжил, хууль тогтоомжийн чанарт эерэгээр нөлөөлөх билээ. Манай улсын хувьд хууль санаачилах, хуулийн төсөл боловсруулах явцад, мөн хуулийг хүчин төгөлдөр болсны дараа ч тэр тухайн хууль нийгэмд ямар эерэг, сөрөг нөлөөтэй байгааг судлах, тэдгээрийн эдийн засгийн үндэслэл, тооцоог тэр бүр нарийвчлан хийдэггүй, энэ тал дээр бэлтгэгдсэн мэргэжилтэн хомс зэргээс хууль сахиулах болон тэр ч байтугай хууль нь шүүмжлэлд нэлээд өртсөөр байна.

 
Иргэний эрх зүйн салбарт үйлчилж буй хууль тогтоомжийг судалж үзвэл зөвхөн энэ салбарт л гэхэд Иргэний хуулиас гадуур тусгайлсан хууль тогтоомж олноор батлагдаад байгаа бөгөөд жишээлэхэд хөдөлмөрийн эрх зүй, гэр бүлийн эрх зүй, бизнесийн эрх зүй, банк санхүүгийн эрх зүй, оюуны өмчийн эрх зүй гэх мэт салбар эрх зүйн түвшинд  хүртлээ хөгжөөд байгаа нилээд хэдэн томоохон бүл үүсээд байна. Ийнхүү хувийн эрх зүйн салбар хөгжихийн сацуу дээрх салбар эрх зүйн түвшинд маш олон судалгаа, эрдэм шинжилгээний ажил өрнөөд байгаа билээ. Тухайлбал иргэний эрх зүйн салбарт хийгдээд буй дорвитойхон судалгааг нэрлэвэл  ХЗҮХ-ээс эрхлэн явуулж байсан “Зар сурталчилгаа ба гэм хор”[1], “Монгол Улсын үнэт цаасны зах зээлд дагаж мөрдөж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн явц”[2], “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний эрх зүйн орчны өнөөгийн төлөв байдал, тулгамдсан асуудал”[3], “Хөдлөх эд хөрөнгийн болон эрхийн барьцааны хуулийн төслийн боловсруулахтай холбоотой хийсэн судалгаа”[4] зэргийг дурьдаж болно.
Судалгааны эхэн үед тулгамдаж байсан асуудал нь хууль тогтоомж батлахтай холбоотой байсан бол өнөөгийн байдлаар иргэний эрх зүйн салбарт хууль тогтоомжийн харилцан хамаарал болон салбар эрх зүйн уялдаа холбооны асуудал гол болоод байна. Харин тодорхой хууль тогтоомжид холбогдох онолын асуудал, үр өгөөжийн асуудлыг шинжлэх ухааны болон казуистик тайлбар гаргах замаар шийдэгдээд байна гэж хэлж болно.
Тиймээс энэхүү илтгэлийн хүрээнд 2002 оны Иргэний Хууль болон бусад  хууль тогтоомжийн харилцан хамаарлын асуудлыг салбар эрх зүйн шинэтгэлтэй холбон авч үзэхийг зорилго болголоо.
I. ИХ болон бусад хуулийг шинэчлэн батлах шаардлагатай юу?
Иргэний Хуулийг батлагдсанаас хойш найруулга зүй, утга агуулга хангалтгүйн улмаас практикт хэрэглэхэд тохиромжгүй гэсэн шүүмж нилээд газар аваад байсан билээ. Хэдийгээр иргэний эрх зүйн практикт өргөн тохиох гэрээ, хэлцэл ба хуулиас үүдэх үүргийн хувьд ийм шүүмж харьцангуй бага боловч шүүмжийн үндэс нь тус хуулийг шинэтгэх явцад Ром-Германы эрх зүйн зохицуулалтыг жишиг болгон авч үзэж байсантай холбоотой. Учир нь зарим талаараа Иргэний Хуулинд тухайн үеийн эдийн засаг, нийгмийн харилцаанд хараахан бүрдээгүй асуудлыг зохицуулсан ба зарим суурь ойлголтыг ойлгомжтойд тооцон орхигдуулсантай  (жишээ нь: Хийсвэрлэх ба нэгдмэл зарчим гэх мэт) холбон тайлбарладаг. Хуулийн үг хэллэгт илээр тусгаагүй нөхцөл байдал өнөөг хүртэл үзэл баримтлалын зөрүүтэй байдал дагуулж, онолын маргаантай хэвээр байгаа ч нийгмийн харилцаанд шинэлэг үзэгдлийг зохицуулсныг оновчтойд тооцогдох болсон. Тухайлбал эдүгээ 10-аад жил өнгөрсний дараа эдийн засгийн харилцаанд франчайзийн гэрээ байгуулах, сервитут ба узуфрухтын эрхийг эдлэх хөрс суурь дээрх хуулийг батлах үед аль хэдийн бүрэлдээд байсныг Ramada сүлжээ, Cola зэрэг нэрийн бараа үйлчилгээ нэвтрээд байгаа, мөн бусдын эд хөрөнгө дээр барилга байшин олноор баригдсан эсвэл бусдын хөрөнгийн эрхийг эдлэх хэлцэл олноор хийсэн нөхцөл байдлаас ажиглаж болно.
Дээрхээс гадна Иргэний Хуулийн агуулгыг хэрхэн ойлговол зохих талаар ерөнхий ба гэрээний эрх зүйг хамарсан тусгай ангийн тайлбар толь хууль хэрэглэгчдийн гар дээр очоод нилээд хэдэн жил болж байна. Мөн ойлгомжгүй ухагдахуун, нэр томъёог дэлгэрүүлсэн хууль сахиулах байгууллагын  казуистик тайлбар Иргэний Хуулийн дийлэнх зохицуулалттай холбогдон бэлтгэгджээ. Улмаар хэрэглээний нийтлэг аргачлал бүрдүүлэх, системийн нэгдсэн  ойлголтод хүрэх явдал иргэний эрх зүйн салбарт батлагдаад буй хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах цорын ганц арга зам болж үлдээд байна.
Учир нь өнөөгийн хууль тогтоомжийн нягтрал практикт тохиох эрх зүйн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай хэмжээнд хүрээд байгаа ч нөгөө талаас хууль тогтоомжийн нийтлэг хэрэгжилт хангалтгүй мэт сэтгэгдэл үлдээгээд байгаа нь хэрэглээний аргачлал дутмаг байгаатай холбон тайлбарлахаас өөр гарц үлдээхгүй билээ. Салбар эрх зүйн болон тодорхой зохицуулалттай холбоотой эрх зүйн хүндлэүүдийг ч үүнтэй холбож тайлбарлах нь зүйтэй. Хууль тогтоомж шинэчлэн батлах нүр их зардал бүхий ажиллагаа энэ салбарт тулгамдаад буй асуудлыг цэгцлэх гарц мэт санагдаж болох ч ингэх нь эрээвэр хураавар зохицуулалтыг тусгахад хүргэж, улмаар Иргэний Хуулийн системийг алдагдуулах сул талтай.
Эрх зүйн өөр өөр тогтолцоо бүхий хууль тогтоомжийг нэгтгэн нэг хуулийг баталсан жишээг авч үзвэл 2010 оны Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийг нэрлэж болох бөгөөд энд англо-саксоны asset-backed-security болоод ром-германы Pfandbrief хэмээх ухагдахууныг дотоодын практикт хэрэглэхээр тусгасан байдаг[5]. Эдийн засгийн өндөр хөгжлөөр нөхцөлдсөн энэхүү хууль тогтоомжийн хүрээнд холимог тогтолцоог бүрдүүлэх, улмаар энэ хуулиа бие даан хэрэгжүүлэх асуудал байж болох ч хувийн эрх зүйн үндсэн кодексийн хүрээнд гагцхүү нэгдмэл тогтолцоог баримтлах, үүндээ тулгуурлан шинэ харилцааг шигтгэн зохицуулах нь чухал.
 Тиймээс Иргэний Хуулийн хүрээнд том хэмжээний шинэтгэл хийхийг яарах нь тохиромжгүй бөгөөд хэрэглээний суурь аргачлал бүрдсэн нөхцөлд л шинээр бий болсон эдийн засаг нийгмийн харилцааг бодолцох нь зүйтэй ба найруулга зүй, утга зүйн үүднээс бага хэмжээний өөрчлөлт оруулах асуудлыг дэмжиж байна.
II.Хэрэглээний нэгдсэн аргачлал:
Хэрэглээний түвшинд нэгдсэн аргачлалтай болгохын сацуу олон ургальч үзэл баримтлалыг хөгжүүлэх явдал хэдийгээр эсрэг тэсрэг ойлголт мэт боловч хууль хэрэглээтэй салшгүй холбоо бүхий үзэгдлүүд билээ.  Бодит байдал дээр эрх зүйн эх сурвалж ихсэх, өөр өөр цаг үед үүсэн бий болсон хэм хэмжээ зэрэг нь эрх зүйн тогтолцоо буюу нийт хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийг хуульчдад хүртэл ойлгомжгүй болох сөрөг үр дагавартай. Эрх зүйн тогтолцоо нь эдгээр шинэ хууль тогтоомж болон олон шүүхийн шийдвэрүүдийн урсгалаар үргэлж солигдох бөгөөд амьдрал дээр өөр эрх зүйн салбарын хууль тогтоомж нөгөөдөө нөлөөлж, бие биеэ харилцан хөгжүүлж байдаг. Ийнхүү их олон тооны хэм хэмжээ буй болох явдал нь хэм хэмжээ зөрчилдөх үр дагаварт зайлшгүй хүргэх юм. Хууль тогтоомжийг системчлэх хөдөлгөөн нь эцсийн бүлэгт  эрх зүйн тогтолцооны нэгдмэл байдлыг хангахад чиглэдэг. Хэрэглээний явцад  тодорхой хүрээ, хэмжээнд эрх зүйн нэгдмэл байдал хэмээх харьцангуй үнэлэмж буй болдог. 
Аливаа эрх зүйн тогтолцоо бодитоор авч үзэхэд өөр хоорондоо зөрчилгүй хэм хэмжээнээс бүрдэнэ гэсэн төгс ойлголт байдаггүй бөгөөд энэ нь тодорхой зарчмын шийдлийн хувьд зайлшгүй зөрчлийг үүсгэж, тодорхойгүй ухагдахууныг өөртөө агуулах ба эрх зүйн хийдэл буй болох явдал нь гарцаагүй шинжтэй дайвар үзэгдэл болдог. Харин  нөгөө талаас шүүх эрх мэдлийн байгууллага нэг асуудлыг хэд хэдэн янзаар шийдвэрлэх зэргээр эрх зүйн тогтолцоонд зөрчилтэй шийдэл буй болгох эрхгүй билээ. Эрх зүйн хэм хэмжээний зөрчлийг арилгах явдал нь хууль зүйн шинжлэх ухааны мөнхийн тулгамдсан асуудал байх ба өнөөгийн манай эрх зүйн тогтолцоонд нэн даруй шийдвэрлэвэл зохих асуудал болжээ.
Хууль тогтоомжийн өөр хоорондын зөрчлийг арилгах хэд хэдэн сонгодог арга эрх зүйн шинжлэх ухаанд бий болсныг хураангуйлбал: (1). Эрх зүйн тогтолцоог шат дараалсан бүтэцтэй болгох аргаар хэм хэмжээний зөрчлийг шийдэх гол хүчин зүйлийг бий болгох; (2). Ижил түвшиний хэм хэмжээ хоорондоо зөрчилдөх нөхцөлд зөрчлийн ерөнхий хэм хэмжээг хуулинд тусгаж өгөх эсвэл ашиг сонирхлын тогтолцоог хооронд нь дэнслэх аргаар хэрэглээний түвшинд зөрчлийг шийдвэрлэх; (3). Эцэст нь эрх зүйн тогтолцооны дотоод зөрчлийг Үндсэн Хуулинд тусгалаа олсон эрх зүйн тогтолцооны нэгдмэл байх зарчмыг баримтлан хуулийг тайлбарлах замаар хэрэглээний түвшинд асуудлыг шийдвэрлэх зэргийг дурьдаж болно.
Иргэний Хууль нь хувийн эрх зүйн салбарын суурь кодекс болох бөгөөд ерөнхийгөөс тусгай руу чиглэсэн бөгөөд тусгай харилцаа бүрт үйлчилдэг хэм хэмжээг хуулинд давтан байршуулахгүйн тулд тэдгээрийг нэгтгэн эхний хэсэгт тусгасан нь математикийн шинжлэх ухаанд хэрэглэгддэг хаалтын аргачлалыг[6] ашигласан байдаг. Зарим нийтлэг зохицуулалт нь үүргийн эрх зүй, өмчийн эрх зүй, өвийн эрх зүй зэрэг ИХ-нд тусгагдсан тусгай хэсгүүдэд үйлчлээд зогсохгүй нийт хувийн эрх зүйн үндсэн зохицуулалт болдог.
Жишээ нь энэ аргачлалыг анхаараагүйн улмаас тусгай хууль тогтоомжийн хэрэглээнд хэт их анхаарах эсвэл тусгай зохицуулалтыг хэрэглэхгүй байх явдал нь Иргэний Хууль ба бусад хууль тогтоомжийн харилцан хамаарлыг алдагдуулах юм. Хэдийгээр Компанийн тухай хууль Иргэний Хууль тус тусдаа бие даасан кодекс хэмээн тооцогдох боловч хуулийн этгээдийн төрөл ангилал, нэрийн эрхийг зэргийг ИХ-нд тусгасан байдаг. Тиймээс тусгай ерөнхийн асуудлыг нэг бүрчлэн шийдвэрлэх шаардлагатай.
Мөн хөдөлмөрийн эрх зүйн хууль тогтоомжид тусгасан харилцаанд нийтлэг иргэний эрх зүйн гэм хорын зохицуулалтыг хэрэглэхгүй гэсэн үзэл баримтлал хууль хэрэглэгчдийн дотор газар авсан байдаг.  Зохиогчийн эрхийн хүрээнд хамтран зохиогчийн асуудлаар зохицуулалт хангалтгүй гэж үзсэн нөхцөлд иргэний эрх зүйн кодексийг хэрэглэх боломжтой.
Эцэст нь хэрэглээний аргачлалыг нэгтгэх үндэс нь боловсролын тогтолцоог нэгдмэл болгох явдал гэдгийг дурьдах нь зүйтэй.
III. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогсдын эрх ашгийг тэнцвэржүүлэх асуудал
1. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж нь гэрээний чөлөөт байдлын зарчимд тулгуурлан аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ хэлцэл хийж буй хувь хүнийг онцгойлон хамгаалах шаардлагатай гэсэн үзэл баримтлалтай холбоотой.  Хувийн эрх зүйн чөлөөт байдлын зарчим нь гэхдээ нөгөө талаас аж ахуйн нэгж, хувь этгээдийн тэгш бус нөхцөл байдлыг харгалзан тэгш эрхтэйгээр гэрээ, хэлцэл хийх баталгаа болж чадахгүй.
Иргэний хуулинд худалдах-худалдан авах гэрээний хувьд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах асуудал ИХ-ийн §§254, 256-д хангалттай тусгагдсан байхад зээлийн гэрээ гэх мэт эрх ашгийн тэнцвэргүй байдал заавал үүсдэг гэрээнд ийм зохицуулалт үгүйн дээр Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хууль хэрэглэгдэхгүй байна. Тиймээс пуны өмнө ИХ-ийн ерөнхий ангийн зохицуулалтад хэлцэл хийх явцад хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай зохицуулалтыг тусгах шаардлагатай. Өнөөгийн байдлаар үйлчилж буй хууль тогтоомж нь хэрэглээний явцад хангалтгүй нь ажиглагдаж буй тул нэгэнт хуулийн этгээдийн төрлийг тодорхойлж болсон ИХ-д энэ тухай бас тусгаж өгөх нь иргэний эрх зүйн суурь зарчим хэрэгжих үндэс болно.
2. Дээрхээс гадна өмчлөгч, эзэмшигчийн харилцаанд үйлчлэх суурь зохицуулалтууд нь үнэт цаасны эрх зүй болон бсуад иргэний эрх зүйн харилцаанд нийтлэг үйлчлэх чиг үүрэгтэй бол хариуцагчийг зөв тодорхойлох чиглэл бүхий эзэмшлийн зохицуулалтад бодит эзэмшил, эзэмших эрхийг хольж зохицуулан хэрэглээг хүдрүүлсэн байдаг[7].  Энэ нь өмчийн эрхийн хамгаалалтын сул тал болж байгаа бөгөөд жишээлэхэд хулгайч эд хөрөнгийг эзэнд нь гаргаж өгөх үүрэгтэй эсэх дээр онолын үүднээс маргахад хүргэх эрсдэлтэй.

            V. Дүгнэлт:
            Эцэст нь Иргэний Хуулийг шинэчлэх гэхээсээ илүү зарим шүүмж дагуулсан, хэрэглэхэд ойлгомжгүй байгаа зохицуулалтыг өөрчлөн найруулах зэргээр салбар эрх зүйд тулгамдаж буй жижиг асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй болох нь харагдаж байна. Ийнхүү эрх зүйн тодорхой ухагдахууныг казуистик хэлбэрээр тайлбарлах явдал Иргэний Хууль батлагдсаны дараахан тулгамдаж буй асуудал байсан бол өнөөгийн нийгэмд эрх зүйн тогтолцооны нэгдмэл байдлыг хангах, Иргэний хууль ба бусад тусгай салбар хууль тогтоомжийн  харилцан хамаарлыг шийдвэрлэх болон нийтийн эрх зүйн хууль тогтоомжтой  хослуулах улмаар эрх зүйн нэгдмэл байдлыг хангах, хуулийн хүлээн зөвшөөрөгдөх байдлыг дээшлүүлэх явдал хувийн эрх зүйн нэн тулгамдсан асуудал болжээ. Тиймээс дээрх хууль тогтоомжийн харилцан шүтэлцээг бий болгоход хэрэглээний нэгдсэн аргачлал, системийн ойлголт чухал болох нь харагдаж байна. Хэрэглээний аргачлалыг нэгдмэл болгоход онолын хөгжлийн талаар тал бүрийн үзэл баримтлалыг уралдуулах, үүнийгээ нээлттэй хэлэлцүүлгээр олон нийтэд хүргэх явдал чухал ач холбогдолтой ч, боловсролын тогтолцоог нэгдсэн шалгууртай болгон чанаржуулах нь хамгийн үр нөлөөтэй арга билээ.
           


[1] ХЗҮХ, Судалгааны тайлангийн эмхэтгэл I, 2003-2009 он, 118-194 дэх тал.
[2] ХЗҮХ, Судалгааны тайлангийн эмхэтгэл I, 2003-2009 он, 195-293 дахь тал.
[3] ХЗҮХ, Судалгааны тайлангийн эмхэтгэл II, 2010-2011 он, 377-428 дахь тал.
[4]  ХЗҮХ, Судалгааны тайлангийн эмхэтгэл II, 2010-2011 он, 469-504 дэх тал.
[5] Энэ тухай Б.Буянхишиг: Үнэт цаасны эрх зүйн үндэс, 2011 он УБ хот, §15, 116-120 дахь тал.
[6] Д.Энхзул: Иргэний эрх зүйн ерөнхий анги (Хамтын бүтээл), 2010 он, 22-23 дахь тал.
[7] Б.Тэмүүлэн: Эрх зүйн социологи сэтгүүл.
[8] Calabresi, Guido: The Costs of Accidents, A Legal Economic Analysis in Law Journal, 1970 Yale, page 136.
[9] Г. Батаа: Эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлөхтэй холбоотой иргэний эрх зүйн асуудлууд, МУИС-ийн ХЗС: Бакалаврын дипломын ажил, 2012 он, 7 дахь тал.
[10] Б.Буянхишиг, Иргэний эрх зүйн тусгай анги, 2011 он УБ хот,  дэх тал.
[11] Polinsky, A.Mitchell: Contract law can be viewed as filling in these gaps in the contract – attempting to reproduce what parties would have agreed to if they could have costlessly planned for the event initially in An Introduction to Law and Economics, 2.edition 1989, Boston.
[12] Энэ талаар Иргэний хуулинд хэрхэн тусгасан тухай: Б.Буянхишиг, Иргэний эрх зүйн тусгай анги, 2011 он УБ хот, 113-114 дэх тал.
[13] Иргэний Хуулийн §219.1 нь эерэг ашиг сонирхлыг хамгаалах бөгөөд олох байсан орлогыг олгодог ИХ-ийн §229.2  аль нэг шаардах эрхийн хүрээнд хамт хэрэглэгдэх тохиолдол үүнд хамаарна.


Comments

Popular posts from this blog

ХБНГУ-ЫН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦОО

Багшийн ажил ба цалин